Хянан тохиолдуулсан Боржигин Хүсэл Шова эмэгтэйчүүдийн Их Сургуулийн профессор

Мэндчилгээ

2013 онд БНХАУ-ын Ченду хотноо зохион байгуулагдсан Олон улсын архивын зөвлөлийн Зүүн азийн бүсийн салбар зөвлөл (ОУАЗЗАБСЗ, EASTICA)-ийн үйл ажиллагааны үеэр болон Монгол Улсын Архивын Ерөнхий Газар (МУАЕГ) хоорондын хамтын ажиллагааны эхлэл тавигдсан.

Энэ хугацаанаас хойш манай хоёр байгуулллагын төлөөлөгчид харилцан айлчлал хийж, хоёр орны архивын байгууллагын удирдлагын тогтолцооны талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, тодорхой төслүүд дээр зөвлөлдөн ажилласан.

2019 оны 11 дүгээр сард Токио хотноо зохион байгуулагдсан Олон улсын архивын зөвлөлийн Зүүн азийн бүсийн салбар зөвлөлийн хуралдааны үеэр Япон улсын Үндэсний архивын газар болон Монгол Улсын Архивын ерөнхий газар нь Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Япон, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээг 2022 оны 2 дугаар сарын 24-нд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан, мөн 2020 онд хоёр улсын байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу Япон улс, Монгол Улсын хооронд харилцаа, хамтын ажиллагаа, бусад харилцан солилцооны талаар цахим хуудсыг шинээр үүсгэн, олон нийтэд сурталчлан таниулахаар талууд тохирсон билээ.

Дэлхий даяар тархсан "Ковид-19" цар тахлаас шалтгаалан, бид харилцан айлчлал хийж, уг төслийн асуудлаар уулзалт хийх боломжгүй байсан хэдий ч цахим шуудан, онлайн уулзалтаар төслийн бэлтгэл ажлыг хангасан.

"Япон ба Монгол Улс: Архивын баримтаар дамжуулан хүргэх бидний түүх" сэдэвт цахим хуудсыг нээж байгаадаа бид баяртай байна. Хоёр улсын харилцаа үргэлж эв найрамдалтай байгаагүй.

Гэсэн хэдий ч Дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа 1964 оны Токиогийн Олимпийн наадмаар дипломат харилцаагаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудаар дамжуулан, 1972 онд дипломат харилцаа тогтоосон.

1990-ээд оноос хойш хоёр орны харилцаа улам гүнзгийрэн хөгжсөн. Энэхүү цахим хуудас нь Япон улсын Үндэсний Архивын газар болон Монгол Улсын Архивын ерөнхий газрын өмчид хамаарах баримтуудаас бүрдэж байгаа бөгөөд он цагийн хувьд өөр өөр цаг үеийг хамарсан 6 бүлэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа болно.

Манай хоёр байгууллагын архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа эдгээр үнэ цэнтэй баримтуудаа та бүхэнд тус үзэсгэлэнгээр дамжуулан хүргэж байгаа бөгөөд энэхүү төсөл нь бидний цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь хэлэхэд төслийг бүхэлд нь удирдан зохион байгуулж, санал зөвлөмжөө өгсөн Шова эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Боржигин ХҮСЭЛ болон Япон улсын Гадаад хэргийн яамны Дипломат архив, Батлан хамгаалах судлалын үндэсний хүрээлэнгийн хамт олон, Монгол Улсын Архивын ерөнхий газар болон бусад хувь хүн, байгууллагууд энэхүү төслийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулж, хамтран ажилласан явдалд гүн талархлаа илэрхийлье. Маш их баярлалаа.



KАМАТА Kаору
/Япон улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч/

Монгол Улс, Япон Улс нь Ноот бичгийг 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Москва хотод солилцож, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоож, Соёлын харилцаа тогтоох тухай хэлэлцээрийг 1974 оны 9 дүгээр сарын 23-нд, Эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 1977 оны 3 дугаар сарын 17-нд тус тус байгуулсан. Гэсэн хэдий ч бүрэн хэмжээний түншлэлийн харилцаа 1990-ээд оныг хүртэл дорвитой хөгжих боломж хязгаарлагдмал байсан.

Монгол Улсад ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт эхэлсэн 1990 оноос хойш хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, 1998 оноос Иж бүрэн түншлэлийн, 2010 оноос Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна.

2011 онд шинэчлэгдэн баталсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Япон Улстай "гуравдагч хөрш"-ийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар тусгаж, нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, боловсролын асуудлаар хамтран ажиллаж, харилцааны шинэ шатанд хүрсэн билээ.

2019 онд Токио хотноо зохион байгуулагдсан Олон улсын архивын зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбар зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газар, Япон Улсын Үндэсний архивын газар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Энэ хүрээнд хийгдсэн нэг ажил нь 2 байгууллага хамтран Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхийг харуулсан архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулж байгаа явдал юм.

Үзэсгэлэнд хоёр орны харилцааны түүхэнд холбогдох Юань гүрний үеийн сурвалж бичгүүд болон захидал, Богд хаанаас Япон улсын Эзэн хаанд илгээсэн захидал, XX зууны эхэн үед монголд ажиллаж амьдарч байсан япон худалдаачдын тухай баримт, 1935 онд БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөл, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хамтарсан хурлаас гаргасан тогтоол шийдвэр, 1961 оны Монгол-Японы хоорондын харилцааны асуудлыг судлах, хоёр орны хөгжил байдалтай танилцах талаар Москвад суугаа Япон Улсын Элчин сайдыг түр хамаарагч ноён ШИГЭМИЦҮ Акирад уламжилсан бичиг, найрамдалт харилцаа тогтоосон тухай шийдвэр зэрэг 6 бүлэг сэдвийн хүрээнд 700 гаруй жилийн харилцаа, хамтын ажиллагааны түүхийг харуулсан олон чухал архивын баримт, гэрэл зургийг үзүүлж байна.

Та бүхэнд толилуулж буй "Япон ба Монгол Улс: Архивын баримтаар дамжуулан хүргэх бидний түүх" сэдэвт үзэсгэлэн нь 2 байгууллагын хооронд болон Япон улс, Монгол Улсын харилцаанд түүхийн шинэ хуудсыг бичиж үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.

Үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Гадаад харилцааны яам, Япон Улсын Үндэсний архивын газар болон үзэсгэлэн идэвхтэй хамтран оролцсон хүмүүст гүн талархлаа илэрхийлж байна.

Самдангийн ЭНХБААТАР
/Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Архивын ерөнхий газрын дарга/
Хэрэглэх нөхцөл